Monday, December 23, 2024
ХУД дотоод аудит

Нэг хүний эмчилгээний дундаж зардал 4 сая төгрөг

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр нэг хүнд ногдох эмчилгээний дундаж зардлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ковид-19 туссан өвчтөнүүдийг

  • хөнгөн,
  • хүндэвтэр,
  • хүнд,
  • маш хүнд гэсэн дөрвөн зэрэглэлд хувааж байна. Энэ дөрвөн зэрэглэлийн хүрээнд эмчилгээ хийж байна. Хөнгөн хүнд дархлаа дэмжих, вирус нөлөөлөхгүй байх, биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ хийдэг. Нийт өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна.

Хүнд хүндэвтэр, маш хүнд хүмүүст амьсгалын аппарат залгах, вирусний эсрэг эм тариа хэрэглэх зэрэг олон эмчилгээ хийж байна. Нэг хүнд зарцуулах эмчилгээний зардал харилцан адилгүй байдаг. Нөгөө талаас иргэд олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Эмчилгээний зардал гэдэг нь тухайн хүнд өгч байгаа эм эсвэл тарьж байгаа тарианы зардлыг хэлдэггүй. Тухайн хүнийг эмчлэхийн тулд хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна, хэчнээн төрлийн үйл ажиллагаа явагдаж байна, тухайн орчинд байгаа агааржуулагч, цахилгаан эрчим хүч, байрны мөнгө гэх мэт зүйлийг тооцож гаргасан мөнгөн дүнг эмчилгээний зардал гэж тооцдог.

Нөгөө талаас хамгаалах хувцас, амны хаалтыг тогтмол сольдог. Тухайлбал, нэг өвчтөнд дөрвөөс таван хүнтэй баг ороод ажиллахдаа ажиллах болгонд хувцсаа сольдог. Өдөрт хэдэн ч удаа хувцас солих боломжтой. Энэ бүхнээс тооцоод эмчилгээний зардал гардаг. Одоогоор 4 сая орчим төгрөгт нэг хүний эмчилгээний дундаж зардлыг тооцож байна. Жишээ нь маш хүнд хүмүүс 10 хоног уушги орлуулах аппарат, зарим тохиолдолд хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээний зардал гардаг” гэлээ.