Monday, December 23, 2024
Хэвлэл мэдээллийн тойм

ЗГ далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байна

Оюу толгойн асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нар гаргалаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Оюу толгойн асуудал маш чухал учир нухацтай хэлэлцэх үүднээс гишүүдийн үг хэлэх, асуулт асуух цагийг 4+1 гэсэн горимоор явуулах санал гаргалаа.

Гишүүдийн зүгээс нээлттэй ярилцах санал гаргасан учир нээлттэй хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хаалттай хуралдах горимын саналаа татаж авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2018 онд 350 орчим тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлээд Рио Тинто Монголын төрийн Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн гэж ойлгож байна. 2020 онд 650 төгрөгийн татварын зөрчил илэрчээ. Дубайн гэрээ Монгол Улсад маш их хохиролтой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрийн байдлаар Оюу Толгойд ногдуулсан татварын Монгол Улсын төсөвт орж ирсэн нийт дүн 1 их наяд 26 тэрбум төгрөг. 2018 болон 2020 онд тавигдсан актуудын нийт үнийн дүнгээр Монгол Улсын татварын акт бүрэн төлөгдсөн. Дубайн гэрээтэй холбоотой асуудал 92 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Дубайн гэрээг өөрчлөхийг 2019 онд УИХ ил болгосон. Хэлэлцээрийг эхэлснээс хойш өнөөдөр Дубайн гэрээг цуцлах нөхцөл байдал нилээн үр дүнтэй явагдаж байна. Засгийн газрын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байна гэдгийг хэлдэг. Гэвч ажлын хэсэгт орсон зарим гишүүдийн зүгээс гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байгаа. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан дараа нь Түр хороо байгуулагдсан. 20 гаруй заалттай нууцын зэрэглэлтэй бичиг баримт гарсан. Хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдсөн, Монголын Улсын олон хуулийн заалтыг зөрчсөн зэрэг асуудлууд бий. Эрдэмтдийн тооцооллоор 2051 онд 27 тэрбум ам.долларын өр төлөх хэмжээнд хүрнэ гэсэн. Дубайн гэрээг өөрчлөөд 14 санхүүгийн байгууллагатай дахин шинэ гэрээ байгуулна гэж байна лээ. Дубайн гэрээ 2 болох бий. Засгийн газар дээр нүглийн нүдийг гурлаар хуурч болохгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын маргаанаа түр хойшлуулах санал тавьсан ч бид хүлээн аваагүй.