Пакистан Энэтхэгээс элсэн чихэр, хөвөн импортлохоор боллоо
Пакистаны Засгийн газар Энэтхэгээс элсэн чихэр, хөвөн импортлоход тавьсан хоригоо цуцалснаар хоёр улсын харилцаанд эерэг дүн гарч эхэллээ.
Пакистаны Сангийн сайд Хаммад Азхар Энэтхэгээс 500 мянган тонн элсэн чихэр импортолж үнийн өсөлтийг тэнцвэржүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Хөрш Энэтхэг улс дахь элсэн чихрийн үнэ манайхаас харьцангуй хямд. Мөн хөвөн даавууны импортыг зургаадугаар сарыг дуустал зөвшөөрнө. Яг одоо манай улсад хөвөн даавууны эрэлт маш их байна” гэжээ.
Пакистаны Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улстай энх тайван харилцаа тогтоож хамтран ажиллахыг хүсэж буйгаа хэлсэн юм.
Хоёр улс 1947 онд Британийн эрхшээлээс гарснаас хойш гурван ч удаа дайтсан ба Кашмирын нутаг дэвсгэрийн маргаан хурцадмал байдалд хүргэж ирсэн.
Харин өнгөрсөн сард болсон хэлэлцээрээр Кашмирт гал зогсоосон бөгөөд тус тусын бүс нутгийг удирдахаар болсон юм.